P2013-06-26 - Найзын маань хөгжилтэй дурлалын түүх түүнийг амжилт руу хөтөлсөн...

Бид энэ үед 10 жилийн сургуульд сурч байлаа. 10-р анги төгсдөг зун санагдана, дэлхийн хөл бөмбөгийн аварга шалгаруулах тэмцээн болж байсан. Би ч өдөр шөнөгүй үзнэ, аавтайгаа зэрэгцээд хашгиралдаад л үзэж тардаг байж билээ... Би гэлтгүй тэр үед бараг бүх хүн энэ хөл бөмбөг “гуайгаар” өвчилчихөөд байсан юм. Одоо ч ийм тэмцээний үеэр бүгд л мансуурсан мэт амиа өгөхөөс наагуур юм болж байж үздэг хэвээр. Энэ үед хөл бөмбөгийн залуухан од Кристиано Роналдо-гийн  сэргэн мандалтын эхэн үе гэмээр (гэнэт инээд хүрэв!), тэр үед шилжилтийн насандаа явж байсан охидын хувьд 21-хэн настай энэ царайлаг залуу анхаарлыг нь татаж мөрөөдөл нь болох нь ойлгомжтой шүү дээ. Би одоо нэг сайн найзтай, гэхдээ тухайн үед бид 2 бие биендээ бараг л дургүй байсан гэж хэлж болно. Тэр өөртөө дэндүү итгэлтэй, өөрийгөө маш гоё гэж боддог, дээрэнгүй, хүнийг зад шүүмжилнэ, атаархуу, зэвүүн за цаашаа яриад байвал ёстой л ертөнцийн хамаг муу муухай бүхнийг шингээсэн охин байлаа (надад л тэгж санагддаг байсан юм, мэдээж одоо тэр миний хувьд ертөнцийн хамгийн сайн, сайхан бүсгүй).

9-р сар боллоо. Хичээлийн шинэ өдөр бүгд хаа сайгүй хөл бөмбөг ярьсан хүмүүс. Арга ч үгүй биз, дэлхийн аварга дуусаад хэдхэн хонож байсан юм чинь... Нөгөө “тэнэг” охин чинь ярьдгаа л ярьж, ёстой бурж өгч байнаа, Роналдог магтана гэж малгайгаа авч байна шүү. Эхэндээ би тэрнийг хэт сэтгэлийн хөөрөлдөө автаж байна гэж бодож явлаа. Үргэлж л хөл бөмбөг, Роналдо гэгчийг ярьж хүн залхаана, сонсмооргүй байхад чинь ярьж л сонсогдоно, үнэн лайтай...

Удалгүй манай сургууль дээр мэргэжил сонголт, конкурсийн талаар лекц байн байн л орж байлаа. Бид нар бүгдээрээ л сандарч яах уу? ийхүү? гэж гүйж байхад тэр өнөөх хэзээ ч бүтэхгүй дурлалаа ярьсаар л (би ёстой тэрнийг жинхнээсээ боогоод унагачихмаар санагддаг байсан гэхдээ тэгээгүйдээ одоо маш их баярладаг, хаха). Тэгээд нэг тийм лекцийн дараа бүгд бужигналдаж байснаа нэг мэдэхэд бид хоёр л ангид үлдчихдэгийн байна. Хурдхан гарах гэж байтал багш орж ирээд бид хоёрыг ангиа цэвэрлэчихээд яваарай гэдийм даа. За тэгээд л цэвэрлэвээ, би ч бүр дургүй хүрээд дугарч ядаад л байлаа. Угаасаа тэр үед дуу цөөтэй ч байсныг хэлэхүү. Ангиа цэвэрлэсний дараа “тэнэг охин” маань гэнэт гарч хоёр ширхэг зайрмаг авчраад намайг дайлж, хэсэг юм ярьж суулаа. Бид ямар мэргэжил сонгосон, ирээдүйд яах талаараа ярилцсан юм. Би юу ч сонгоогүй, бодоод л явж байсан болохоор төлөвлөгөө байхгүй гэдгээ хэллээ, гэтэл тэр юу гэж тэнэгтсэн гээч? Би МУИС-ын сэтгүүлийн ангид орно, тэгээд сэтгүүлч болно. 4 жилийн дараа хөл бөмбөгийн аварга шалгаруулах тэмцээн болох улсад очоод К.Роналдо-той уулзана. Тэгээд тэр надад дурлаад би түүнтэй гэрлэнэ гэдгийн. Хмм хэзээ ч бүтэхгүй мөрөөдөл ... за тэр их сургууль нь ч болж байна гэхэд тэр залуу нь юу вэ? Гэхдээ л яагаад ч юм тэр ийм зүйлс ярьж байгаа ч эрс шийдмэг, тун ноцтой харагдаж, нээрээ л тийм болчих юм шиг санагдаж намайг үнэхээр гайхшруулж бас түгшээж билээ. Би маш их атаархсан. Яагаад гэвэл тэрэнд зорилго, хүсэл тэмүүлэл, явахаар шийдсэн зам, бодлого төлөвлөгөө бүгд байсан харин надад юу ч байгаагүй. Тэр надад мөрөөдлийн тухай бараг анхны хичээлийг зааж өгөх шиг болсон. Хэдий тэрний ярьж байгаа зүйл нь хэзээ ч бүтэхгүй, инээдтэй бас тэнэг байж болох ч оролдоод үзэж яагаад болохгүй гэж. Бүх л алдарт хүрсэн хүмүүсийн замнал дандаа л хэзээ ч бүтэмжгүй мэт санаануудаас л эхэлсэн байдаг гээ биз дээ?

За ингээд зарим нэгийг маань юу болох, яахаа ч мэдэхгүй явж байхад тэр маш их хичээж, шаргуу шалгалтандаа бэлдэж МУИС-ийн Олон улсын сэтгүүлчийн ангид элсэн орж чадсан. Сургууль төгсөөд хэдхэн л хүүхдүүд байнга уулзалдаж ойр дотно найз нөхөд болцгоосны дотор бид 2 хоорондоо илүү болсон байлаа. Уулзалтаас уулзалтанд түүнийг илүү сайн таньж, тэнэг мөрөөдлийг нь бараг дэмждэг болчихсон байсан. Ингээд л эцэстээ зүү орох зайгүй одоогийн охидын  хэлдгээр “хайрууд” болцгоосон юм. 10 жилд байхдаа яагаад тэрнийг тийм тэнэг охин гэж боддог байснаа одоо ойлгодоггүй юм, хүн бусдыг сайн таниагүй байж дүгнэлт хийхээр сохор дүгнэлт болдог гээч нь болсон байх (You can’t judge a book by its cover). Найз маань одоо Stanford-ийн Их сургуульд Сэтгүүлзүйн чиглэлээр докторын ангид сурч байгаа, өнгөрсөн жил энэ сургуульд магистер хамгаалсан юм. Монголд Баклавраа төгссөн ч сурч байх хугацаандаа Англи хэлийг ягштал сууж үздэг байлаа. Зорилго нь мэдээж өнөөх алдарт залуу, ойлгомжтой! Ярьдаг юм нь л Тэрэнтэй уулзана, ярина тэгэхээр мундаг Англи хэлтэй байхгүй л бол болохгүй байлаа. Тэгээд их сургуулиа төгсөөд TOEFL өгч маш өндөр оноо аваад тэтгэлэгээр магистерт яваад одоо докторт сурч байгаа нь энэ. Одоо тэр залуугаа мартсан эсэхийг мэдэхгүй ч найз залуутайгаа Америкт хамт амьдардаг их жаргалтай байна гэж байнга ярьдаг юм.

Чиний мөрөөдөл том, жижиг нь хамаагүй гол нь түүнийгээ биелүүлэх үр дүнг нь үзэх гэж хичээж, чармайх хэрэгтэй. “Good things come to those who waits” гэж Ronnin хэмээх киноны гол дүр нэгэн хэсэг дээрээ хэлдэг. Мөрөөдлөө зөвхөн мөрөөдөл л байх боломж бүү өг! Хичээ, зүтгэ тэгвэл бидний хайртай жүжигчин Бооёогийн нэгэн жүжигт хэлснээр том юм мөрөөдөж байж дээрээс дунд руу унана шүү дээ... Миний найз хэдий К.Роналдо-той уулзаж учирч сүйд болоогүй ч маш өндөр боловсролтой чадвартай нэгэн болсныг өнгөрсөн сард Америкийн шилдэг гадаадын оюутан шагнал авахад нь би ойлгосон юм. Бас та нарт нэмж хэлэхэд хүн харагдаж байгаа шигээ байдаггүй, чиний үнэхээр ухаантай, мундаг гэж бодож байгаа хүн чинь хүртэл хамгийн толгой муутай, маанаг байх тохиолдол байдаг гэдгийг санаарай. Эцэст нь миний хэлэх гээд байгаа гол санаа бол хамгийн их хүсч байгаа зүйл чинь тэнэг, бүтэшгүй мөрөөдөл байсан ч яадгийн мөрөөд, ядаж чи ямар нэгэн юманд хүрнэ.

Сэтгэгдэл бичих :: Найздаа илгээх



:-)
 
xaax