P2013-05-01 - Гадаадад суралцдаг миний нөхөр /дурсамж/

Энэ жил би 40 настай, нөхөр хоёр хүүхдийн хамт амьдардаг жирийн Монгол эмэгтэй. Миний нөхрийг  Итгэл гэдэг. Нөхөр маань анх танилцсаныхаа дараахан буюу 2001 онд Япон руу суралцахаар явсан юм.  Мэдээж нэгдүгээрт сургуулиас нь дэмжээд тэтгэлэгтэй сургаж байгаа, хоёрдугаарт түүний минь ирээдүйд хамгийн том хөрөнгө оруулалт болох учраас битгий яв гэж хэлэх зүрх надад байгаагүй ээ.

Тэр үед л би хайр гэдгийг бие сэтгэлээрээ мэдэрч билээ. Анх удаа нөхөртөө хайрын захиа бичих тэр үед миний сэтгэл маш их хөдлөж  байлаа. Нөхөртөө захиа бичих тэр үеэр би гэдэг хүн хамгийн аз жаргалтай нэгэн болдог байсан юм. Тухайн үед интернэт гэж байгаагүй болохоор төв шуудан орж захиагаа явуулна. Шууданд гадаад, дотоод гэсэн хоёр хайрцагны гадаад гэсэнд нь захиагаа хийгээд л гарахдаа “захиа минь хурдан очоорой” гэж захиандаа шивнэдэг байлаа. Төв шуудангаас гарсан цагаас эхлээд л захиа ирэх өдрийг хүлээнэ, уг нь захиа эзэндээ хүрээд эргээд хариу иртэл хурдандаа 14 хоног шүү дээ. Хүсэн хүлээсэн захиа минь ирэнгүүт тэр захиагаа дараагийн захиа иртэл өдөрт бараг 10 дахин уншдаг байсан байх аа.

Нэгэн удаагийн захианы хариуд нөхөр маань: “Чи яасан богинохон захиа бичдэг юм бэ?  өдөр бүрийн болсон явдал ч юмуу юу ч  хамаагүй урт захиа бичиж бай, тэгвэл надад илүү дотно, хамт байгаа юм шиг санагдаж байна. Би чиний захиаг ирсэн өдөр хэд дахин уншаад маргааш нь хичээлээсээ яаран ирж дахиад л уншдаг. Хүний газар суралцах хугацаанд чиний минь захиа л надад илүү хүч, урам зориг оруулдаг шүү” гэж билээ.

Эргээд бодоход бид хоёр тэр захиаг бичсэнээр бие биенээ илүү ойлголцож, хоёр биендээ илүү их хайраа илэрхийлсэн байсан юм шиг санагддаг. Бидний 12 жилийн бат бөх амьдрал бол тэр захианд илүү бие биеэ ойлголцсон захиадал бичсэний үр дүн гэж би бат хэлж чадна.

Сэтгэгдэл бичих :: Найздаа илгээх



:-)
 
xaax